Японы бизнесмэнүүд Монголд салбараа нээхээс илүү…

Японы бизнесмэнүүд Монголд салбараа нээхээс илүүтэй түнш олохыг чухалчилж байна. Японы ЖАЙКА байгууллагаас Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин ба түүнийг идэвхжүүлэх судалгааг хийжээ. Өнөөдөр судалгааны тайланг дэлгэрэнгүй танилцууллаа. 

Японы хувийн хэвшлийн компаниудад манай улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг тодорхой болгон, Монгол дахь бизнесээ өргөтгөхөд нь хувь нэмэр болох зорилгоор судалгааг явуулжээ. 2015 оны арван хоёрдугаар сард эхлүүлсэн судалгааг нэг жилийн турш хийсэн байна. Монгол, Япон компанийн төлөөллүүдтэй уулзалт хийн явцын тайлан бэлтгэж, УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газрын бодлого, эдийн засгийн байдлыг судлан, үр дүнгийн тайланг гаргаснаар судалгааг эцэслэжээ.

Барилга, үйлдвэрлэл, уул уурхай, жижиглэнгийн худалдаа зэрэг олон салбарын бизнес эрхлэгчдийг судалгаанд хамруулсан аж. Судалгаанд оролцогчдын 40 хувь нь Монгол-Японы хооронд бизнес хийж байгаа, цаашид бизнес нь өргөжих боломжтой гэж хариулсан бол 40 хувь нь бизнес эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэжээ.

Монголд хөрөнгө оруулахын давуу тал нь харьцангуй шинэ зах зээл тул өрсөлдөөн багатай. Бизнесийн боломж ихтэй.

Өнгөрсөн онд Монгол-Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан. Гэвч манай бизнес эрхлэгчид гэрээгээр олгосон давуу талуудыг бүрэн ашиглахгүй байгааг өнөөдөр болсон хурлын үеэр оролцогчид онцоллоо. Манай улс Японтой найрсаг, дотно харилцаатай. 1500 орчим Монгол оюутан тус улсад сурч байна. Хоёр улсын бүх түвшний харилцаанд манай сумо бөхчүүд томоохон үүрэг гүйцэтгэсэн. Монголд хөрөнгө оруулахын давуу тал нь харьцангуй шинэ зах зээл тул өрсөлдөөн багатай. Бизнесийн боломж ихтэй. Жижиг дунд үйлдвэрийн орлогын албан татварын хэмжээ нь бага, гадаад руу мөнгө шилжүүлэхэд чөлөөтэй зэрэг юм.

Гэвч сайны хажуугаар саар гэгчээр арлын оронтой худалдаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд дараах саад бэрхшээл байгааг судалгаанд оролцогчид онцолжээ.

  • Хүн ам цөөн, газар нутаг нь уудам.
  • Тээвэрлэлт өндөр зардалтай, хугацаа нь удаан. (Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор энэ асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэх боломжтой)
  • Улс төрийн тогтворгүй байдал, хуулийг ойр ойрхон өөрчилдөг.
  • Хуулийн засаглал хөгжөөгүй,
  • Хувийн хэвшил нь төлөвшөөгүй (гүйцэтгэх захирлууд компанийнхаа дийлэнх ачааг үүрдэг),
  • Монголоос түнш олоход бэрхшээлтэй,
  • Түншийн талаар, найдвартай санхүүгийн мэдээлэл (жишээ нь зээлийн хэмжээ) олж авахад бэрхшээлтэй,
  • Эрс тэс уур амьсгалтай.
  • Лиценз, зөвшөөрлийн тоо, төрөл их.

Эдийн засагч Д.Жаргалсайхан

Эдгээр тайлбарыг Японы бизнес эрхлэгчдээс гадна дотоодын ААН-үүд ч байнга учирладаг. Эрс тэс уур амьсгал зэргийг эс тооцвол хувийн хэвшлийнхэн болон эрх баригчдын зүгээс засаж залруулж болмоор алдаа, дутагдлууд дээрх жагсаалтад байна.

Жишээ нь манай компаниуд групп, холдинг зэргээр компаниа өргөмжлөх нь их. Гэтэл Японд 200-300 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, томоохон ААН л дээрх хүндэтгэлтэй тодотголыг ашигладаг байна. Харин манай улсад групп, холдинг гэж албан ёсоор компанийн нэрлэх бол ямар шалгуурууд хангах нь тодорхойгүй. Энэ мэт бизнесийн соёлын ялгаа хамтын ажиллагаанд нөлөөлдөг байна.

ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Сато МүцүмиМөн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай, Татварын тухай зэрэг гол гол хуулиудыг Англи хэл рүү орчуулан, албан ёсны эх сурвалж хөрөнгө оруулагчдад танилцуулбал үр дүнтэй гэсэн саналыг Японы тал тавив.

Тус улсын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахдаа компанийнхээ салбар, төлөөлөгчийн газрыг байгуулахаас илүүтэй, монгол түнштэй болохыг эрмэлздэг гэж судалгааны багийн ахлах Агэтава Хиронобу дамжуулсан.

Гэвч найдвартай түнш олох нь амаргүй гэнэ. Эдийн засагч Д.Жаргалсайхан Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгасан. Үндэсний хөгжлийн газар гэх цоо шинэ агентлагийг байгуулан, шинэ дарга томилсон. Тэнд өмнөх баг ажиллаж байгаа эсэх нь тодорхойгүй. Энэ мэтээр эрх баригчид хөрөнгө оруулагчдын итгэлийг алдах үйлдлээ давтсаар байгааг шүүмжлэв.       

Нөгөөтэйгүүр Японы компаниуд манай зах зээлд нэвтрэх бол Хятад, Солонгосын компаниудтай өрсөлдөх шаардлагатай. Гэтэл Япон компаниуд ажлын хөлс өндөр зэрэг үзүүлэлтээр өрсөлдөх чадвар сул байгааг онцолж байв.              

   

МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАЙДАЛ

Манай улсад нийт 112 улс хөрөнгө оруулсан байдаг. Нийт хөрөнгийн 50 хувийг БНХАУ, Нидерланд эзэлдэг. Гэвч Нидерланд, Люксенбург, Виржиний аралд бүртгэлтэй ААН-үүд татвараас чөлөөлөх зорилготой гэж олон улсад үздэг тул бодит хөрөнгө оруулалтын дийлэнхийг БНХАУ-аас хийжээ.

Улаанбаатар харьцангуй таатай татварын орчинтой хот. Нэр дурдсан татварын хувь манай нийслэлд 10-25 байна. Харин бусад хотуудад дунджаар 10-45 хувь.

2011 онд 4.9 тэрбум ам.долларт хүрсэн хөрөнгө оруулалт өнгөрсөн оны сүүлээр хасах үзүүлэлттэй болж огцом буурлаа.

Монгол хөрөнгөө оруулахад үнэхээр таатай улс мөн үү, яагаад хөрөнгө оруулалт огцом буурав?

Энэ асуултад хариулахын тулд Японы гадаад худалдааны сурталчилгааны агентлагийн өнгөрсөн зургаадугаар сард хийсэн судалгаанаас иш татъя. Тэд цахилгаанд холбуулах зардал, ажлын хөлс Азийн бусад томоохон хотууд болох Бээжин, Ченду, Жакарта, Ханой, Янгонд ямар байдгийг харьцуулан гаргажээ. Ингэхэд менежерийн цалин Бээжинд хамгийн үнэтэй (1702 ам.доллар), Ханой, Янгон хотуудад харьцангуй бага (346-417 ам.доллар), Улаанбаатарт 1231 ам.доллар байна.

Монгол-Японы  хооронд тээврийн зардал ямар байгааг харвал Улаанбаатар Ченду хотын дараа хоёрдугаарт оржээ. Хоёр улсын хооронд чингэлэг тээвэрлэхэд Ханой, Бээжин, Жакарта хотуудын зардал ихээхэн бага байна.

Хөрөнгө оруулагчид манай нийслэлд үйл ажиллагаа явуулахаар шийдэн, оффис түрээсэлнэ гэвэл нэг сард 18 ам.доллар төлөх дундаж дүн гарсан нь хамгийн бага зардал байв. Түрээсийн төлбөр Ханой, Чендуд 35, Жакартад 47, Янгонд 70, Бээжинд 102 ам.долларын үнэтэй байжээ.

Тэгвэл ААН-ийн цахилгааны төлбөрөөр бид АСЕАН-ы орнууд дунд хоёрдугаарт байна. Нэг кВт цагийн төлбөр

  • Жакартад 0.07,
  • Улаанбаатар, Янгонд 0.11          
  • Ханой, Бээжинд 0.12,
  • Чендуд 0.13 ам.доллар байна.

Гадаадын хөрөнгө оруулагчид татварын хэмжээ маш чухал байдаг. ААН-ийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар, НӨАТ, ногдол ашгийн суутган татвараар нь дээрх хотуудыг жагсаахад Улаанбаатар харьцангуй таатай татварын орчинтой хот гэдэг нь тодорхой харагдаж байна. Нэр дурдсан татварын хувь манай нийслэлд 10-25 байна. Харин бусад хотуудад дунджаар 10-45 хувь байна.

Дэлхийн банкнаас жил бүр “Бизнес эрхлэлт”-ийн жагсаалтыг шинэчлэн гаргадаг. Хөрөнгө оруулагчдын ихээхэн ач холбогдол өгч, эх сурвалж болгон ашигладаг энэ жагсаалтад Монгол Улс 190 улсаас 64 дүгээр байрт орсон. Өнгөрсөн онд бид 66 дугаарт байсан юм. Бид эхний 50 улсад багтаж чаддаггүй буюу бидний оноог хамгийн ихээр хойш нь чангаадаг хоёр хүчин зүйл нь цахилгаанд холбуулах зардал, хил хоорондын худалдаа гэж Дэлхийн банк дүгнэжээ.      

Эх сурвалж: gogo.mn

Танд таалагдаж магадгүй бусад мэдээ