Япон: Нийт хүн амын 50 хувь нь вакцинжуулалтдаа бүрэн хамрагджээ

Япон улсын засгийн газрын мэдээлж байгаагаар тус улсын нийт хүн амын 50 хувь нь вакцинжуулалтдаа бүрэн хамрагдаж, хоёр дахь тунгаа хийлгэсэн ажээ.

Япон улсын хувьд бусад хөрөнгөлөг орнуудтай харьцуулахад хамаагүй хожуу буюу хоёрдугаар сарын дунд үеэс вакцинжуулалтаа эхэлсэн нь вакцины зөвшөөрлийн асуудал ихээхэн цаг авсантай холбоотой юм.

Мөн өндөр настнуудыг вакцинд хамруулах ажил дөрөвдүгээр сард эхэлсэн ч вакцины хомсдол үүссэнтэй холбогдуулан тавдугаар сарын дунд үе хүртэл вакцинжуулалт тасалдаад байсан билээ. Улмаар тавдугаар сарын сүүлээс вакцинжуулалт тогтворжиж, вакцинд хамрагдах хүмүүсийн тоо өдөрт 1 саяд хүрч байжээ.

Тэгвэл тус улсын эдийн засгийн сайд Ясутоши Нишимурагийн мэдээлж байгаагаар энэ сарын сүүл гэхэд нийт хүн амынх нь 60 хувь вакциндаа бүрэн хамрагдах төлөвтэй байгаа хэмээсэн юм.

Тиймээс засгийн газрын зүгээс хүн амын ихэнх хувь вакциндаа хамрагдсан үед хорио цээрийн дэглэмийг аажмаар сулруулах арга замыг судалж байгаа гэдгийг ч дуулгажээ.

Вакцинжуулалтын тусламжтайгаар ахмад настнуудын дунд вирусийн халдвар хүндрэх, цаашлаад амиа алдах тохиолдол багассан ч өнгөрөгч наймдугаар сард вакцинд хамрагдаагүй залуу үеийнхний дунд вирусийн олон хувилбарууд эрчимтэй тархаж, эрүүл мэндийн тогтолцоонд хүндээр нөлөөлөөд байсан юм.

Түүнчлэн онц байдлын зэргийг энэ сарын 30 хүртэл сунгасан байна.


Эх сурвалж: AP News

Танд таалагдаж магадгүй бусад мэдээ