Тоёота: Дэлхий дахинаа чипний хомстол үүсээд байгаа учир үйлдвэрлэлээ багасгана
Коронавирусийн улмаас японы автомашин үйлдвэрлэгч Тоёота компани есдүгээр сарынхаа үйлдвэрлэлийг 40 хувиар танахаа мэдэгджээ.
Тоёотагийн зүгээс ирэх сард нийт 900 мянган автомашин үйлдвэрлэхээр төлөвлөөд байсан ч уг тоог 500 мянга болтол бууруулжээ.
Цөөн тоогоор үйлдвэрлэгдэх болсон машинуудад Corolla, Prius, Land Cruiser зэрэг загварууд багтсан байна.
Тоёота компанийн хэрэглэгч нартаа хандсан мэдэгдэлд, “Бидний энэхүү өөрчлөлтийн хүрээнд хэрэглэгч, нийлүүлэгчдэдээ хүндрэл учруулсан бол хүлцэл өчиж байна” хэмээжээ.
Харин Токио хотод байрлалтай Никкэй сонины редакцаас мэдэгдэж байгаагаар тус шийдвэрийг гаргах болсон гол шалтгаан нь дэлхий дахинаа үүсээд буй чипний хомстолтой холбоотой гэжээ.
Хэрэглэгчдийн хүрээнд цар тахлын улмаас цахилгаан төхөөрөмжийн эрэлт ихэссэнтэй холбоотойгоор машин, компьютер чип, шинэ үеийн машинуудад шаардагдаж байгаа хагас дамжуулагч зэрэг нь хомстолд ороод байгаа юм. Түүнчлэн улс орнууд хөл хорио тогтоосны улмаас нийлүүлэлтэд асуудал үүсэхэд нөлөөлжээ.
Тийнхүү Тоёота дотоод дахь зарим үйлдвэрлэлээ зогсоож, Хойд Америк, Хятад, Европ дахь үйлдвэрлэлээ хумих гэнэ.
Тус мэдээллийн хүрээнд японы хувьцааны зах зээлд Тоёота Моторс Корпорацын хувьцаа 4.42 хувиар унажээ.
Сүүлийн хэдэн сар, долоо хоногуудад Фолксвагэн, Ауди, Даймлер, Женерал Моторс, Форд зэрэг томоохон үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ танахаас өөр аргагүйд хүрээд байгаа юм.
Эх сурвалж: DW