Япон улс цар тахлыг амжилттай даван туулж байна

Даваа гарагт хийсэн коронавирусийн тохиолдол, эндэгдлийн тухай мэдээгээр 15 сарын дараа анх удаа нэг ч хүн вирусийн улмаас амиа алдаагүй болохыг мэдээлжээ.

Улмаар 2020 оны наймдугаар сарын 2-ны өдрөөс хойш тус улсад өдөр алгасалгүй хүмүүс коронавирусийн улмаас эндэж байсан бол өнгөрөгч ням гарагт нэг ч хүн эндээгүй байна. Мөн тус улсад өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо ч тасралтгүй буурч байгаа гэнэ.

Тийнхүү хүмүүсийн мөрдөх тусгаарлалт, халдвар хамгааллын дэглэмийг ч хөнгөрүүлэх болсон юм. Тодруулбал, Япон улсад ирэх гадаадын иргэд вакциндаа бүрэн хамрагдсан тохиолдолд ердөө арван хоног өөрийгөө тусгаарлах журам хэрэгжүүлэх болсон бөгөөд гадаад орноос ирэх Япон улсын иргэд ердөө гурван хоног өөрийгөө тусгаарлахад болох болжээ.

Тус улсын хувьд цар тахлын хэд хэдэн давлагаанд өртөж, өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо хамгийн дээддээ 25000 хүрээд байсан ч ард иргэд вакцинжуулалтдаа өргөнөөр хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмийг чандлан мөрдсөний дүнд ийнхүү цар тахлыг амжилттай туулж байгаа юм.

Одоогоор Япон улсын нийт хүн амын 74 хувь нь вакциндаа бүрэн хамрагдсан бөгөөд ирэх сараас вакцины гуравдугаар тунг хийж эхлэх гэнэ. Мөн шинээр бүртгэгдэж буй коронавирусийн эсрэг эм эмчилгээг ч ард иргэддээ санал болгохоор төлөвлөөд байгаа ажээ.


Эх сурвалж: ABC News

Танд таалагдаж магадгүй бусад мэдээ