Токио хотод аж амьдрал эргээд хэвийн байдалдаа орж байна
Энэ долоо хоногийн даваа гарагаас эхлэн Токио хотын ард иргэд коронавирусийн өмнөх үе шиг гадуур хооллож, уушийн газар сууж болох болжээ. Учир нь тус хотод бүртгэгдэх коронавирусийн тохиолдлын тоо сүүлийн нэг жилд байгаагүй багаар бүртгэгдэх болсон байна. Тийнхүү албаныхны зүгээс хорио цээрийн дэглэмийг султгах болсноо мэдэгджээ.
Хэдийгээр тус хотын хувьд аль есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн уушийн газар, галт тэрэгний үйлчилгээг нээсэн ч зоогийн газар, уушийн газруудыг эрт хаадаг байхаар журамлаад байсан юм.
Тэгвэл наймдугаар сарын дунд үед өдөрт 6000 тохиолдол бүртгэгдэж байсан Токио хот одоо өдөрт 50 ч хүрэхгүй шинэ тохиолдол бүртгэх болсонтой холбогдуулан коронавируст цар тахал гарахаас өмнөх үе шиг аж амьдрал өрнөх болжээ.
Тус улсын коронавирустэй тэмцсэн аргыг мэргэжилтнүүд ч гайхаж байгаа бөгөөд идэвхтэй вакцинжуулалт, хувийн ариун цэвэр, шөнийн амьдралыг хумьсантай холбон тайлбарлах болсон байна.
Япон улсын хувьд нийт 1.7 сая тохиолдол бүртгэж, 18200 иргэнээ коронавирусээр алдсан бөгөөд одоогийн байдлаар нийт хүн амын 70 хувь нь вакциндаа бүрэн хамрагдсан юм.
Эх сурвалж: Star Advertiser